Ц.Нямдорж: 2020 оны сонгуулиар ч 60 тэрбумын асуудал намжихгүй байх

Ц.Нямдорж: 2020 оны сонгуулиар ч 60 тэрбумын асуудал намжихгүй байх

2 сарын өмнө

МАН-ын Бага хурал давхар давхар харуул, хамгаалалт өндөр хяналт бүхий  хаалттай хаалганы цаана өчигдөр хуралдлаа. Хурлаар намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Намын дүрэмд  шинээр дөрвөн зүйл, таван заалт, дүрэмд өөрчлөлт оруулах таван зүйл, таван заалт  нэмж, харин МАН-ын дүрмээс нэг зүйл, нэг заалтыг хассан байна. Бага хурлын гишүүд дүрмийн өөрчлөлтөөр санал хураалт явуулж,  бүх өөрчлөлтүүдийг дэмжиж, хасах заалтыг ч мөн дэмжсэн байна. Ингээд гишүүдийн хэлсэн саналыг хүргье.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг дахиж тавьсан. Энэ асуудлыг тойрч намын удирдах зөвлөлийн гишүүд нэлээдгүй их ярьлаа. Би намын даргын хувьд намын том эв нэгдэл байна их хурлын гишүүдийн санаа бодол байна, аль алиныг нь хүндэтгэж үзээд бүр болохгүй бол хоёулаа хамтдаа ажлаа өгье гэж хэлж үзлээ. Та Их хурлын даргын ажлаа өгчих, би Ерөнхий сайдынхаа ажлаа өгье. Төрийн эрх барих дээд байгууллага нь үйл ажиллагаагаа явуулаг, намын дотоод эв нэгдэл хадгалагдаж үлдэг, 37:27 болоод байгаа их хурлын гишүүд нь сэтгэл нь амраг, хоорондоо эв эеийг олоод явбал яасан юм бэ гэдэг асуудлыг Их хурлын даргад тавьсан.

УИХ-ын дарга М.Энхболд: "60 тэрбумын асуудлыг нийтдээ дөрвөн удаа шалгаж, хүний нэр төрд халдсан, батлагдаагүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосны дараа би намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн. 2016 оны зургадугаар сарын эхээр энэ яриа гарч эхэлсэн. Тэгсэн ч би энэ намд 65 суудал авчирсан. Орон нутгийн сонгуулийн үеэр бас энэ яриа гарсан. Гэхдээ бид 21 аймгаас 20 аймагт 330 сумаас 200 гаруй сум, нийслэлийн зургаан дүүрэгт ялалт байгуулсан. Өнөөдрөөс хойших бүх үйл явдлуудыг хэрэв нам сонгуульд ялалт байгуулахгүй бол 60 тэрбумаас боллоо гэх үнэлэлт дүгнэлтийг одооноос өгч байгаад харамсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч 60 тэрбумыг цэгцэлнэ гэж ялалт байгуулсан. Манай намын нөхөд ч 60 тэрбумын асуудлыг ярьж байна. МАН-аас 60 тэрбумыг салгах хууль зүйн үндэстэй байсан. Харамсалтай нь, бид хатигаа өөрсдөө авч нүүрэндээ наасан. Одоо энэ зааланд сууж байгаа хүмүүс 60 тэрбумын схемийг хэрэглээд ямар албан тушаалд томилогдсон юм бэ. Тэрийгээ ярих хэрэгтэй. Би бол нэг ч хүнийг 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр мөнгө авч, албан тушаалд томилогдсон гэж яваагүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч хэлье. Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагагүй оролцлоо гээд намын даргад нэр дэвшилгүй дараагийн хүнд нь тамгыг нь шилжүүлж явсан. Би өөрийн амрыг хараад, хэл амнаас хол байя гэж бодоод УИХ-ын даргын албыг өгөхөд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ өнөөдөр цаг нь биш гэж бодож байгаа. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Харин өнөөдрийн энэ нөхцөл байдал хуулийн дагуу, ёс журмын дагуу асуудал шийдэгдэж, төр засаг үйл ажиллагаагаа хэвийн явуулах үед өөр. Өнөөдөр ҮАБЗ дээр зарим нэг асуудал дээр би ганцаардаж байгаа. Үүнийг ч гэсэн бодох ёстой асуудал гэж би боддог"

Нийслэлийн Засаг дарга асан С.Батболд: ЖДҮХС-гаас зээл авсан бүх хүн хариуцлагаа хүлээх ёстой. “Би биш манай ах, дүү, хамаатан садан авсан” гэх тайлбар хийхээ болих хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн УИХ-ын даргын асуудал биш МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас эхлээд бүх хүний хариуцлагын асуудлыг хөндөх нь зөв.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд та хоёр  өргөдлөө өгөөд огцор. МАН-ын Удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээрээ бас огцоръё" гэсэн санал гаргасан байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: МАН дотоод зөрчлөө шийдвэрлэх сүүлийн боломж өнөөдрийн хурал байж магадгүй. Тиймээс Бага хурлын цагийг сунгаад ч хамаагүй тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй. Өнөөдөр бид намын шинэчлэлттэй холбоотой асуудлаа шийдэж чадахгүй бол маргааш ард түмэн үнэлт, дүгнэлтээ өгөх болно.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 2012-2016 онд Засгийн газрын гаргасан бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Цэвэр агаар сан, АСЕМ зохион байгуулах хөрөнгийг олон тэрбумаар нь зүй бусаар ашигласан асуудал одоог хүртэл шийдэгдэхгүй байна. Одоо ЖДҮХС-гийн асуудал нэмэгдлээ. Энэ зээлийг авсан хүмүүс зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг нарийвчлан шалгаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн үүний цаана “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан асуудал ч бий. Бид өнөөдөр энэ бүх асуудлыг шийдвэрлэх шударга ёсыг тогтоох хэрэгтэй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Олон жил намдаа зүтгэлээ. Одоо бидэнд 60 тэрбумын асуудал байна. Ц.Сандуй, А.Ганбаатар хоёр Энхболдод схемээ танилцуулж, М.Энхболд асууж тодруулсан нь үнэн. 2016 онд Ч.Сайханбилэг алдаа гаргаагүй бол бид хэцүү байдалд хүрэх байсан. Харин үүний дараа Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд ард түмнээс санал авч чадаагүй шалтгааны нэг нь цагаан сарын золголт, нөгөө нь 60 тэрбумын асуудал. Тэр үед л ёс зүйгээ дагаад явцгаа гэж би хэлж байсан. Ер нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа байтугай 2020 оны сонгуулиар ч 60 тэрбумын асуудал намжихгүй байх. 60 тэрбумын билэг тэмдэг нь М.Энхболд та өөрөө.

TIMES.MN